Зураг Зураг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Алсын хараа: Нутгийн өөрийн удирдлагын тэргүүлэх байгууллага болох
Зураг
ИЛ ТОД БАЙДАЛ Авлига, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа Авлигын эсрэг хууль
2017.04.24
1044

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан  сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 3.1.1."нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг;

3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг;

3.1.3."ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг;

3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;

 3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

 3.1.6."нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг;

 3.1.7."ашгийн төлөө үйл ажиллагаа" гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

3.1.8."хандив" гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг;

 3.1.9."бэлэг" гэж нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг;

 3.1.10."бүтээлч ажил" гэж төлбөр, орлого олж байгаа сэтгүүл зүй, утга зохиолын болон урлагийн бүтээлийг.

3.1.11.“ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.

/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

 

 

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна..

/Энэ зүйлийг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

5 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

5.1.Нийтийн албан тушаалтан /цаашид "албан тушаалтан" гэх/-д тавигдах хориглолт, хязгаарлалт, ёс зүйн шаардлагын үндэслэл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, албан тушаалтан хувийн ашиг сонирхлын байдлаа мэдүүлэх болон түүнийг шалгах ажиллагаа, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар зохицуулна.

6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим

6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.

6.2.Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ.

6.3.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.

6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.

 6.5.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.

 ХОЁРДУГААР БҮЛЭГ
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

7 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг

7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.

7.2.Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй:

7.2.1.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоож, мөрдүүлэх;

 7.2.2.хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах;

7.2.3.ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээлэл хүлээн авах ажлыг зохион байгуулах, мэдээлэл, мэдэгдлийн дагуу шалгах, хариуцлага хүлээлгэх;

7.2.4.ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх;

7.2.5.ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар бичгээр зөвлөмж өгөх;

7.2.6.энэ хууль болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн тохиолдолд өөрийн удирдлагад байгаа албан тушаалтан давхар ажил эрхлэх боломжтой эсэхийг шийдвэрлэх.

7.3.Энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна.

8 дугаар зүйл.Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах

 8.1.Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

8.2.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

 8.3.Ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болно.

 8.4.Ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдэл, мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан үүргийг өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлэх эсэх шийдвэрийг нэн даруй бичгээр гаргана.

 8.5.Дараах тохиолдолд албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрч болно:

 8.5.1.тухайн байгууллагын нэгж, эсхүл тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тухайн албан үүргийг гүйцэтгэх өөр албан тушаалтан байхгүй, дээд шатны байгууллагаас өөр албан тушаалтан томилон ажиллуулах боломжгүй;

 8.5.2.тухайн албан үүргийг гүйцэтгэхэд мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар шаардагдах ба зөвхөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргасан албан тушаалтан энэ шаардлагыг хангаж байгаа.

 8.6.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

 8.7.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан тушаалтны гаргасан энэ хуулийн 8.6-д заасан тайлбар болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл, хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт үндэслэн энэ хуулийн 8.4-т заасны дагуу шийдвэр гаргах бөгөөд шийдвэр гаргаагүй бол ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд тооцно.

 8.8.Албан тушаалтны энэ хуулийн 8.1-д заасан ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл болон энэ хуулийн 8.6-д заасан тайлбар нээлттэй байна.

9 дүгээр зүйл.Албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг мэдэгдэх

9.1.Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөллийн талаар өөрийн удирдах албан тушаалтан, эсхүл эрх бүхий байгууллагад, хуулийн хариуцлага хүлээхээр бол Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

9.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь холбогдуулан аливаа этгээд бэлэг, үйлчилгээ, ашигтай нөхцөл байдлыг санал болгосон тохиолдолд дараах арга хэмжээг авна:

 9.2.1.саналаас татгалзах;

 9.2.2.санал тавьсан этгээдийг тодорхойлох;

9.2.3.тодорхой нөхцөл байдлын улмаас бэлгийг эргүүлэн өгөх боломжгүй бол бэлгийг хадгалах ба энэ тухай өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад нэн даруй мэдэгдэх;

9.2.4.боломжтой бол тухайн үйл явдлын гэрчийг тэмдэглэх;

9.2.5.болсон нөхцөл байдлын талаарх мэдэгдлээ боломжит хугацааны дотор өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагад бичгээр хүргүүлэх;

9.2.6.хариуцлага хүлээхээр зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх.

 ГУРАВДУГААР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ

10 дугаар зүйл.Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт

10.1.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно.

11 дүгээр зүйл.Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт

11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.3.Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны шийдвэр гаргахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан захиргааны шийдвэр гаргах хязгаарлалт нь төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан албан тушаалтанд хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12 дугаар зүйл.Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох

12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13 дугаар зүйл.Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт

13.1.Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй.

14 дүгээр зүйл.Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт

14.1.Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.

 14.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.

14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:

14.3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;

14.3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;

14.3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө.

15 дугаар зүйл.Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт

15.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно.

15.2.Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно.

16 дугаар зүйл.Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт

16.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно.

16.2.Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй.

16.3.Албан тушаалтан дипломат журмаар бэлэг авах, тайлагнах, зарцуулах журмыг Засгийн газар батална.

16.4.Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны гурван сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

16.5.Албан тушаалтны авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны зургаан сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг төрийн өмчид шилжүүлнэ.

16.6.Албан тушаалтан зургаан сарын цалингийн хэмжээнээс илүү гарсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний зөрүүг өөрөө төлж тухайн бэлэг, үйлчилгээг хүлээн авч болно.

16.7.Албан тушаалтан бэлэг авахаас өмнөх хоёр жилийн хугацаанд бэлэг өгөгч этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр, удирдлага, хяналт, шалгалт, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүрэг хэрэгжүүлсэн бол түүнийг тухайн бэлэг өгөгч этгээдээс албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бэлэг авсанд тооцно.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.8.Энэ хуулийн 16.4-т заасан этгээдээс бэлэг авсан бол албан тушаалтан тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хянах, шалгах, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг албан үүргийг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэхгүй.

/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 16.9.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төрд ногдох хувийг эзэмшигчийн төлөөлөгч албан тушаалтан нь тухайн хуулийн этгээдэд ажиллах хугацаандаа, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд тухайн хуулийн этгээд, түүний удирдлагын гишүүдээс бэлэг авахыг хориглоно.

16.10.Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг Засгийн газар батална.

 16.11.Мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шагналыг энэ хуулийн 16.1-16.10-т заасан журмаар зохицуулна.

17 дугаар зүйл.Хандив авахтай холбогдсон хязгаарлалт

 17.1.Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.

17.2.Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно.

17.3.Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.

17.4.Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.

17.5.Албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно:

17.5.1.хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд;

17.5.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд;

17.5.3.өөртэй нь хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилладаг хуулийн этгээдийн хэрэгцээнд.

18 дугаар зүйл.Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт

 18.1.Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.

18.2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараах ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно:

18.2.1.хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил; 

18.2.2.нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;

18.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;

18.2.4.хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал;

18.2.5.хууль тогтоомжоор зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал.

18.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно.

18.4.Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно.

18.5.Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараах ажлыг давхар эрхэлж болно.

18.5.1.хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил;

18.5.2.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;

 18.5.3.ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг.

18.6.Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

 

18.7.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хориглоно.

19 дүгээр зүйл.Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг хэрэгжүүлэх журам

 19.1.Албан тушаалтан нийтийн албанд орох үед хуулиар зөвшөөрөөгүй өөр ажил, үүрэг, гэрээ гүйцэтгэж, эрх эдэлж байгаа бол энэ тухай дээд шатны албан тушаалтанд бичгээр танилцуулах үүрэгтэй.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан танилцуулга хүлээн авсан албан тушаалтан ажлын байрны шаардлагыг харгалзан 30 хоногийн дотор давхар эрхэлж болохгүй алба, ажил, үүргээс чөлөөлөгдөх, гэрээ болон эрхийг цуцлах эсэх тухай шийдвэр гаргаж холбогдох албан тушаалтанд бичгээр мэдэгдэнэ.

20 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

20.1. Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

20.2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд нээлттэй тендер шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.

/Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 

           /Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд энэ зүйлд заасан үүргийг нийтийн албанаас чөлөөлөгдсөний дараа хоёр жилийн хугацаанд мөн биелүүлнэ.

20.4.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, хяналт, захиргаанд ажилладаг албан тушаалтан тухайн хуулийн этгээдэд нийлүүлэх төрийн болон орон нутгийн хэрэгцээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах захиалгын нийлүүлэгчээс ашиг авахыг хориглоно.

20.5.Албан тушаалтан нийтийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа төрийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, улсын болон орон нутгийн нөөцийн хуваарилалт, удирдах, хянах, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлаар шийдвэр гаргаж байсан аж ахуйн нэгжийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч болох, тус аж ахуйн нэгжээс хөрөнгө шилжүүлж авахыг хориглоно.

21 дүгээр зүйл.Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт

21.1.Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;

21.1.2.урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;

21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.

21.2.Энэ хуулийн 21.1.2-т заасан хязгаарлалт нь тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендер шалгаруулалтын дагуу байгуулагдсан, эсхүл жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

21.3.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглоно.

21.4.Албан тушаалтан энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалт зөрчигдөж байгаа талаар эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

22 дугаар зүйл.Бусад орлогын хязгаарлалт

22.1.Албан тушаалтан өөрийн албан үүргийн дагуу авах цалин хөлснөөс гадна энэ хууль, бусад хуулиар хориглоогүй бусад ажил, алба, гэрээний урамшуулал, мөн хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагааны орлого олж болно.

22.2.Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа бол Засгийн газрын гишүүний цалин авна.

22.3.Албан тушаалтан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өмчлөгчийн төлөөлөгчийн ажил, үүрэг гүйцэтгэж байхдаа болон ажил үүрэг гүйцэтгэхээ больсноос хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагааг хориглоно:

22.3.1.шууд, эсхүл гуравдагч этгээдийн зуучлалаар ажил, үүрэгтэй нь холбоогүй санхүүгийн эх үүсвэр зэрэг аливаа үр ашиг хүлээн авах; 

22.3.2.холбогдох төрийн өмчит хуулийн этгээд болон түүний удирдлага, захиргааны гишүүнээс бэлэг авах;

22.3.3.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцаа, үнэт цаас, хөрөнгө олж авах;

22.3.4.холбогдох төрийн өмчит хуулийн этгээдэд өөр албан тушаал эрхлэх.

 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ

23 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах

23.1.Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.

23.2.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.

23.3.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

23.4.Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан бол уг мэдүүлгийг гаргаж өгөөгүйд тооцно.

23.5.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.

23.6.Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.

23.7.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй.

23.8.Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.

24 дүгээр зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хадгалах

24.1.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг дараах байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгална:

24.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар;

24.1.2.Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;

24.1.3.Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон бүх шатны шүүхийн шүүгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл;

24.1.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба;

24.1.5.энэ хуулийн 24.1.2-24.1.4-т зааснаас бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан.

24.2.Энэ хуулийн 24.1.4–24.1.5-д заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 23.3-т заасан хугацаанд хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах журмын биелэлтийн талаарх тайланг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргасан этгээдийн нэрсийн хамт Авлигатай тэмцэх газарт ирүүлнэ.

24.3.Авлигатай тэмцэх газар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд гаргаж өгнө.

25 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг нээлттэй байлгах

25.1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг нээлттэй байна.

25.2.Энэ хуулийн 24.1-д заасан байгууллага, албан тушаалтан иргэдийг албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтэй саадгүй танилцах боломжоор хангах үүрэгтэй.

25.3.Албан тушаалтнаас хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан захидал, хүсэлт, асуулт, тэдгээрт өгсөн хариулт, зөвлөгөө нь хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулна. 

26 дугаар зүйл.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянан шалгах

26.1.Авлигатай тэмцэх газар энэ хуулийн 24.1.2-т зааснаас бусад хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

26.2.Улсын Их Хурлын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгана.

 26.3.Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана.

/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

26.4.Авлигатай тэмцэх газар өргөдөл, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.

26.5.Улсын Их Хурлын гишүүнээс бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл бүрэн гүйцэд гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгана.

26.6.Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

26.7.Энэ хуулийн 24.1.2-т заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо шалгана.

26.8.Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

 ТАВДУГААР БҮЛЭГ
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ

27 дугаар зүйл.Нийтийн албаны ёс зүйн дүрэм

27.1.Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана. 

27.2.Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй.

28 дугаар зүйл.Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих этгээд

28.1.Энэ хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад дараах байгууллага хяналт тавина:

28.1.1.нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаарх Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо;

28.1.2.энэ хуулийн 28.1.1-д зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар.

29 дүгээр зүйл.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг

 зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараах захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

29.1.1.энэ хуулийн 7.3, 8.3, 19.2, 25.2, 26.6-д заасан үүргээ биелүүлээгүй байгууллагын эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

29.1.2.энэ хуулийн 16 дугаар зүйл, 22.3-т заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдээр хууль бусаар хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төлүүлж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар орсон албан тушаалаас чөлөөлөх;

29.1.3.энэ хуулийн 20.2, 20.3, 20.5, 21.1-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох;

29.1.4.хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох баримт бичгийг энэ хуулийн 24.2-т заасан хугацаанд ирүүлээгүй эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

29.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:

29.2.1.хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

 29.2.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

29.2.3.энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах;

29.2.4.энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах.

29.3.Шүүгчээс захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь тухайн албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

29.4.Энэ хуулийн 29.2-т заасан сахилгын шийтгэл хүлээсэн албан тушаалтан өөрт ногдуулсан шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэнэ.

29.5.Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журмыг Авлигатай тэмцэх газар батална.

30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

30.1.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хориг тавьсан//Энэ хэсэгт 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

 

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Мэндчилгээ

Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!

Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан зохион байгуулах ардчилсан, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний веб сайтаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтанд иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе! ЭРДЭНЭТ хүний төлөө хүчээ нэгтгэе!

ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат

              Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!

ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER

                                                                                                                      Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat

ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Нутгийн удирдлагын ордон
УТАС
+976 7035 0494
ЦАХИМ ШУУДАН
info@itkh.orkhon.gov.mn
ФАКС
+976 7035 2631
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 08:00 - 18:00
/Цайны завсарлага 12:00 - 14:00/
© Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 он
Хандалт 91905, Энэ жил 91905, Энэ сар 9056, Энэ долоо хоног 2724, Өнөөдөр 446