Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо


Image

       Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны ээлжит III хуралдаанаар IV сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, өргөтгөлийн барилга барих боломжтой эсэх талаар хэлэлцэж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дүгнэлт гаргуулан аймаг, орон нутгийн удирдлагууд, шийдвэрлэх шатны  байгууллагад хүсэлт гаргаж, хүргүүлэхээр болсон.  

    Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Эрх зүй, нутгийн удирдлагын хороо Зэст, Хүрэнбулаг багаас сонгогдсон АИТХ-ын Төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт хийж, иргэд олон нийтээс санал авахаар боллоо. Энэхүү саналаа холбогдох байгууллагад хүргүүлэх албан хүсэлтэнд хавсаргах ажээ.

IV сургууль нь хамран сурах тойргийнхоо хүрээнд Зэст, Хүрэнбулаг багийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хичээлийн хоёр байртай 184 багш, ажилтантай, 3025 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  Хичээлийн нэгдүгээр байр буюу IV сургууль нь 1980 онд 1176 хүүхдийн  хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон ч өнөөдрийн байдлаар 2500 гаруй сурагч суралцаж байна.

       Хичээлийн хоёрдугаар байр буюу VI  бага сургууль нь 2006 онд 216 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орж, өнөөдрийн байдлаар 525 хүүхэд суралцдаг. Ирэх жил “Уурхайчин-1” хороолол ашиглалтанд орж шинэ суурьшлын бүс үүсч байгаатай холбоотойгоор тус сургуулийн сурагчдын тоо 600 орчмоор нэмэгдэж, гурван ээлжинд хичээллэх эрсдэлтэй байгаа ажээ. Зэст баг нь өөрийн нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын сургууль байхгүй учраас Хүрэнбулаг багийн IV сургуульд сургуулийн насны хүүхдүүд нь суралцдаг юм.

      Тиймээс тус багаас багаас сонгогдсон Төлөөлөгчид ярилцаж өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан Зэст багийн нутаг дэвсгэрт ерөнхий боловсролын сургууль барих, Хүрэнбулаг багийн IV сургуулийг өргөтгөх хүсэлтийг  аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх бөгөөд цаашлаад УИХ-ын байнгын хороод, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны яам зэрэг шийдвэр гаргах түвшинд уламжилж төсөв, санхүүг улсын төсөвт тусгуулах чиглэлээр хүсэлт хүргүүлэхээр боллоо.  









 

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх