Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо


Image

Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны ээлжит хурал болж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн төсөлтэй танилцаж санал, дүгнэлт өглөө. Уг хөтөлбөр нь 2021-2024 онд дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд гурван зорилтын хүрээнд 23 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тодруулбал,  хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дадлага, сургуулилтыг хотын доторх болон гэр хорооллын чиглэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоох замуудад хийх,  жолоодох эрхийн шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, шалгалтын өрөөг тохижуулж засварлуулах, А1001 замын хивсний уулзвар, дөмөг захын уулзвар, 6-10-р байрны баруун урд талын уулзвар, аюулгүйн тойргийн уулзварыг гэрлэн дохиотой болгох, замын эргэлт тойруу, зорчих хэсэгтэй ойролцоох обьектуудыг хамгаалсан төмөр туузан хаалт, хашилтыг байрлуулах, ачаалал ихтэй замыг өргөтгөх, хяналтын камер суурилуулах, хүчин чадлыг сайжруулах, улсын чанартай автозамын дагуу баригдаж буй “Оргил”, “Сансар” худалдааны төв, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”, 26-р цэцэрлэгийн орчимд хурд сааруулагч хийх, хууль бус тээвэрлэлтийн хяналтыг сайжруулах зэрэг ажил багтжээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүний тоо, эрүүл мэнд эд хөрөнгийн хохирлын хэмжээг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын чадавх дээшилж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагаа сайжрах, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх орчин, нөхцөл бүрдэж, ослын дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулснаар ослоос шалтгаалсан нас барах, хөдөлмөрийн чадвар алдах тохиолдол буурна гэж үзэж байна.

 Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны гишүүдээс хөтөлбөрийн төсөлтэй холбоотойгоор мэдээлэл сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх, өмнө нь хэрэгжсэн хөтөлбөрийн хүрсэн үр дүнг ахиулах, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, иргэд болон алба хаагчид харилцаа холбоог сайжруулах, ГХУСАЗЗ-тай хамтран ажиллах, аймгийн хэмжээнд хэрэгжих томоохон хөтөлбөрүүдтэй  уялдаа холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг саналыг илэрхийллээ.

Мөн тус хорооны хурлаар Хүрэнбулаг багийн IV сургуулийн өнөөгийн нөхцөл байдал, өргөтгөлийн барилга барих боломжтой эсэх талаар хэлэлцлээ. IV сургууль нь хамран сурах тойргийнхоо хүрээнд Зэст, Хүрэнбулаг багийн хүүхдүүдэд ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хичээлийн хоёр байртай 184 багш, ажилтантай, 3025 сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна.  Хичээлийн нэгдүгээр байр буюу IV сургууль нь 1980 онд 1176 хүүхдийн  хүчин чадалтайгаар ашиглалтанд орсон ч өнөөдрийн байдлаар 2500 гаруй сурагч суралцаж байна. Хичээлийн хоёрдугаар байр буюу VI  бага сургууль нь 2006 онд 216 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтанд орж, өнөөдрийн байдлаар 525 хүүхэд суралцдаг. Ирэх жил “Уурхайчин-1” хороолол ашиглалтанд орж шинэ суурьшлын бүс үүсч байгаатай холбоотойгоор тус сургуулийн сурагчдын тоо 600 орчмоор нэмэгдэж, гурван ээлжинд хичээллэх эрсдэлтэй байгаа ажээ. Тиймээс АИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмарсүрэн хүсэлт тавьсны дагуу энэ асуудлыг Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны хурлаар оруулж, , гарц шийдлийг хэлэлцлээ.

Тус сургуулийн гаднах талбайн доогуур инженерийн шугам сүлжээ дайран өнгөрч байгаа учраас сургуулийн ойр орчимд өргөтгөл барих боломжгүй гэдгийг ГХБХБГ-ын мэргэжилтэн хэллээ. Мөн Хүрэнбулаг багийн газар зохион байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөнд өргөтгөлийн барилгын газар ороогүй нь уг асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа аж.  

Тиймээс хорооны хурлаар холбогдох байгууллагуудад зарим үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал, сургуулийн өргөтгөл барих газар байгаа эсэхийг судалж гаргах, тодорхой байршилд судалгаа хийх, тухайн багийн иргэд, сургуулийн сурагч, эцэг эхчүүдийн саналыг авах, Зэст, Хүрэнбулаг багт ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөл бариулах нөхцөл шаардлага тоон судалгаа, баримт, дүгнэлтийг гаргаж ирэх 7 хоногт ирүүлэхийг үүрэг болголоо.  Хорооны хурлаар олонхын саналаар IV сургуулийн өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ. Энэхүү саналаа аймаг, орон нутгийн удирдлагуудад хүргүүлэх бөгөөд цаашлаад УИХ-ын байнгын хороод, Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, Засгийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны яам зэрэг шийдвэр гаргах түвшинд уламжилж төсөв, санхүүг улсын төсөвт тусгуулах чиглэлээр ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх